САЙН ДУРЫН ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН  “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ”
admin
ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц”-ээ  ӨРСӨЛДӨХ УР ЧАДВАР” сэдвээр эхлүүллээ.  
Төгсөгчдийн цуврал лекцээ ШУТИС-ийн хятад хэлний хамтарсан 2+2 хөтөлбөр, техник технологийн орчуулагчийн анги, хятад хэл сонгон суралцаж буй оюутан залуусын өөрийгөө таньж, өөрийгөө дайчилж, бусдыг ойлгон дэмжиж, бусадтай хамтран хөгжиж, үр бүтээлтэй суралцахад өрсөлдөх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зочин илтгэгчээр Хойд Хятадын ЭХИС-ийн СЭХ мэргэжлийн 2+2 хөтөлбөрийн төгсөгч   Бит Кейос ХХК гүйцэтгэх захирал Just startup үүсгэн байгуулагч Ч. Сансар, Хойд Хятадын ЭХИС-ийн ЦХ мэргэжлийн 2+2 хөтөлбөрийн төгсөгч MCS Property ХХК цахилгааны туслах инженер (crew leader) Б. Цэлмэг нарыг урьж 2023.03.14-ний өдөр танхимаар зохион явууллаа.  
Лекцийг эхлүүлж клубийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа ярилцах сэдэв, зочдоо танилцуулж эхлүүлэв. Зочин илтгэгч Б.Цэлмэг бидэнд оюутнуудын эзэмшсэн байх ёстой хамгийн чухал ур чадваруудыг зөвлөхдөө: хэл сурах, багаар ажиллах, өөртөө итгэлтэйгээр бусдад өөрийн санаа бодлыг ойлгуулах хийгээд ажлын байранд гараад бидний суралцах зүйлсээс хамгийн том өрсөлдөгч “Би” буюу өөртэйгөө өрсөлдөж ирээдүйнхээ амжилтанд хүрэх талаар маш сонирхолтой мэдээллүүдийг өөрийн туршлага дээрээ үндэслэн хүргэлээ.
  • Хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөх, ажлаа төлөвлөх, бусадтай хамтран ажиллах чадваруудад суралцах
  • Өмнөх туршлага алдаанаас суралцан дараагийн ажлаа эртнээс төлөвлөн ажиллахад суралцах
  • Цаг үеийн шинэ мэдээ мэдээлэл, технологид сониуч байх
  • Үргэлж үнэнч шудрага, зөв хандлагыг зарчим болгож явахыг зөвлөлөө.
 
       
Харин зочин илтгэгч Ч. Сансар нь “Хятад хэл сонгож сурсан нь хамгийн зөв сонголт байсан төдийгүй гадаадад суралцаж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлснээр бүтээмж, үр ашиг, асар их боломж, цагийн менежмент, хувь хүний зохион байгуулалтыг маш сайн хөгжүүлж өгсөн талаараа ярив.
Тэрээр хятад хэл сурснаар өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалтын нэг байсан хэмээн өөрийн туршлагаас хуваалцахаас гадна өрсөлдөхийн тулд carbon credit гэх мэт дэлхийд тренд юу болж байгаа, нийгэм эдийн засгийн чиг хандлагын талаар шинэ соргог мэдээллүүдийг нээлттэй хүргэсэн үр өгөөжтэй лекц болж өндөрлөлөө.
Бидэнд өөрсдийн мэдлэг туршлагаасаа цаг заваа зориулан харамгүй хуваалцаж, нээлттэй ярилцсан зочин илтгэгч ах нартаа клубийн зөвлөх багшдаа мөн хүрэлцэн ирсэн идэвхтэн оюутнууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэхүү лекцэнд Гадаад хэлний сургууль, Техник технологийн орчуулга, хамтарсан 2+2 хөтөлбөрийн ангийн 1-4 дүгээр курсийн 40 гаруй оюутан залуус оролцлоо.
 
Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг профессор багш, оюутан залуус төгсөгчид, үе үеийн ахлагч, гишүүд нартаа баярлалаа.
Ганцаараа явбал хурдан явна, Багаараа явбал хол явна.
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ” 2023.03.14