Хятад хэлний клубийн “Төгсөгчдийн цуврал лекц 2”
ganbii

Хятад хэлний клубийн “Төгсөгчдийн цуврал лекц 2”

ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлын “Төгсөгчдийн цуврал лекц 2”-ийг 2+2 хөтөлбөр, техник технологийн орчуулагчийн хятад хэлний ангийн оюутнуудад зориулан Цахим боловсрол: “Бие дааж суралцахуй” сэдвээр үргэлжлүүлэн зохион явууллаа.

Салбар яам болон сургуулийн зорилго, чиглэлийг дэмжиж цахим сүлжээний асар өргөн боломжийг боловсролын салбарт үр дүнтэй ашиглан оюутан өөрөө хөгжих, ур чадвараа нэмэгдүүлэн, бие дааж суралцахад нь туслах зорилгоор “MCS эрчим сүлжээ” цахилгааны инженер П.Төгсмандах, сэргээгдэх эрчим хүч 2+2 хөтөлбөрийн анхны төгсөгч магистрант Б.Түвшинжаргал, IV дамжааны оюутан Б.Урангоо нарыг урьж, энэхүү лекцийг зохион байгууллаа.

  

 Клубийн зөвлөх Ц.Эрдэнэзаяа багш маань тус лекцээр ярилцах сэдвийг танилцуулж эхлүүлэв. Уригдсан төгсөгчид “Цахим боловсрол гэж юу болох, түүний давуу тал “Орон зайнаас үл хамааран хаанаас ч холбогдож, хичээлүүдээ хэзээ ч судлах, давтаж үзэх боломжтой; оюутанд хүртээмжтэй, сонголттой” зэргийг;

Нөгөөтэйгүүр “Интернэтийн хурд, технологийн мэдлэг; электрон номын сан, эрдэм шинжилгээний бүтээл, видео танилцуулга зэргийг тухайн улсын цахим эх сурвалж, сургалтын материал хангалттай эсэх, бүрэн дүүрэн ашиглаж чадаж буй эсэх; лаборатори, дадлага, дасгалын аргаар үзэхэд юу анхаарах гэх мэт өргөн хүрээнд ярилцлаа.

Тэр хэмжээгээрээ суралцагчаас “сурах” бэлтгэл, хариуцлага, зорилгоо ухамсарласан бүтээлч байх зэрэг хувийн зохион байгуулалт, чадвар, сахилга бат ихээхэн шаарддаг талаар лекцээ өрнүүллээ. Оюутанд урам хайрласан тэднийг бүтээлчээр бие дааж суралцах сэдэл тэмүүлэл өгсөн үр дүнтэй болж өндөрлөв.

 

Гадаад хэлний сургуулийн техник технологийн орчуулагчийн хятад хэлний 3, 4-р анги, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн химийн инженерчлэлийн 2+2 хөтөлбөрийн 1,3-р анги, Эрчим хүчний сургуулийн сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хангамж, дулаан хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн 2+2 хөтөлбөрийн 1-4-р ангийн оюутнууд болон клубийн бусад идэвхтэн 60 орчим гишүүн оюутан оролцлоо.

Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэмжин ажилладаг Оюутны соёл, үйлчилгээний алба, профессор багш, оюутан залуус, клубийн нийт гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

“Хэрхэн сурах аргаа мэддэг хүн, хангалттай ихийг мэддэг гэсэн үг” Хенри Адамс.

Хятад хэлний клуб                                                                                 

2020-10-17