ШУТИС-ийн захирал Б.Очирбат Унгар улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, эрхэмсэг хатагтай Обрушанский Борбала Аннаг хүлээн авч уулзлаа.
Хатагтай Доктор Обрушанский Борбала Анна ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын урилгаар 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ШУТИС-д айлчлан, Унгарын Засгийн газрын “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн талаар оюутнуудад танилцууллаа. Уг тэтгэлэг нь тус улсын Засгийн газрын хамгийн нэр хүндтэй тэтгэлэг ба олон улсын шилдэг оюутанд зориулан чиглэл бүрийн академик сургалт явуулдгаараа онцлог. Энэхүү тэтгэлгийн гол зорилго нь Унгарын дээд боловсролын хөгжлийг дэмжих, дээд боловсролын нэр хүнд, өрсөлдөх чадварыг дэлхий дахинд сурталчлах, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, олон улсын харилцааг бэхжүүлэхэд оршдог. Уг арга хэмжээнд ГХС, ГУУС, БАС болон ХШУС-ийн оюутнууд хамрагдан, мэдээлэл авлаа.
Тэтгэлэгт хөтөлбөр одоогоор зарлагдсан байгаа тул бакалавр, магистр, докторын сургалтад хамрагдах боломжтой. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралтаас үзэж танилцах боломжтой.
Гадаад хэлний сургууль
Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
Хавсралт
УНГАРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “STIPENDIUM HUNGARICUM” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЦУУЛГА
Унгарын Элчин сайдын яам
2021 оны 12 сарын 2
Унгар, Монгол хоёр улс 1950 оны 4 дүгээр сарын 28-нд Дипломат харилцаа тогтоож, 1957 онд Улаанбаатар болон Будапешт хотуудад харилцан Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй. Ийнхүү манай хоёр орны хооронд албан ёсны харилцаа тогтсоноор харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамран хөгжих үүд хаалга нээгдсэн юм.
Унгар, Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны харилцаа 1953 оноос эхэлж, 1957 онд хамтын ажиллагааны анхны хэлэлцээр байгуулагдсан юм. 1996 онд хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, дээд боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий “Монгол Улсын Засгийн газар, БНУУ-ын Засгийн газар хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулсан юм. 2015 онд Монгол улсын Засгийн газар Унгарын Засгийн газарт хүсэлт тавьснаар 2016 оноос жил бүр 200 монгол оюутныг боловсролын бүх түвшинд, маш олон чиглэлээр Унгарын Засгийн газрын “Stipendium Hungaricum” 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар энэхүү хөтөлбөрт 1500 орчим монгол оюутан хамрагдан Унгарт суралцаж байна.
“Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөр нь тус улсын Засгийн газрын хамгийн нэр хүндтэй тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд олон улсын шилдэг оюутнуудад зориулсан чиглэл бүрийн академик сургалтыг явуулдгаараа онцлогтой.
Энэхүү тэтгэлгийн гол зорилго нь Унгарын дээд боловсролын хөгжлийг дэмжих, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, олон улсын харилцааг бэхжүүлэх, тус улсын дээд боловсролын нэр хүнд, өрсөлдөх чадварыг дэлхий дахинд сурталчлахад оршдог. Өнөөгийн байдлаар таван тивийн 70 гаруй орнууд энэхүү хөтөлбөрт хамрагдах замаар оюутнуудаа Унгарт суралцуулж байна.
2022-2023 оны хичээлийн жилд Унгарын засгийн газрын тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдсан байгаа. Бүртгэлийг цахимаар авч байгаа ба бүртгэл нь 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хаагдах юм.
Тэтгэлэг горилогч нь суралцахаар төлөвлөж буй их сургуулийн зүгээс тавьсан хэлний шаардлагыг хангаж байх хэрэгтэй бөгөөд суралцах хөтөлбөрөө цахим бүртгэлийн системээр сонгоно.
Тавигдах шаардлага:
-
Монгол Улсын иргэн байх;
-
Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:
-
Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, Голч дүн 3.0 оос дээш, 25 хүртэлх насны;
-
Магистрантурт суралцахад тухайн чиглэлийн мэргэжлээр суралцсан бакалаврын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 35 хүртэлх насны иргэн;
-
Докторантурт суралцах тухайн чиглэлийн мэргэжлээр суралцсан магистрын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 40 хүртэлх насны иргэн;
Тэтгэлэгт дараах зүйлс багтана:
-
Сургалтын төлбөр
-
Сарын тэтгэлэг (стипенд) Амьжиргааны зардал 43,700 Унгар форинт буюу 120 евро
-
Дотуур байрны зардал эсвэл сарын 40,000 Унгар форинт
-
Эрүүл мэндийн даатгал.
Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг, II шатны шалгаруулалтыг Унгар Улсын Темпус олон нийтийн сан болон хүлээн авч, суралцуулах сургуулиуд нь тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгар Улсын Темпус олон нийтийн сан болон хүлээн авч суралцуулах сургууль гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын аливаа төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.
Унгар Улсын Темпус олон нийтийн сангийн https://stipendiumhungaricum.hu/ хуудсаас тэтгэлгийн зорилго, төрөл, түүнд багтах зардал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэдгээрт тавигдах шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөр, сургууль, сургуулийн элсэлтийн шалгалт, англи болон бусад суралцах хэлний чадварт тавигдах шаардлага, шалгаруулалт хийгдэх хэлбэр болон хугацаа, дүн гарах хугацаа зэрэг мэдээллийг сайтар судалж, танилцахыг зөвлөж байна. Унгар Улсад суралцах хүсэлтэй иргэн нь холбогдох баримт бичгээ бүрэн бүрдүүлж, цахим анкетийг зөв бөглөх ёстой. Суралцах өргөдөл гаргахтай холбоотой, иргэдээс байнга лавладаг асуултын хариултыг өгөгдсөн цахим хуудсаас авч болох бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах зааврыг https://cdn.greensoft.mn/uploads/users/2650/files/Scholarship/BA_MA_OTM_Call_for_Applications_2022_2023_final.pdf , https://cdn.greensoft.mn/uploads/users/2650/files/Scholarship/PhD_Call_for_Applications_2022_2023_final.pdf / татаж авах боломжтой.
Жич: Цахим анкет бөглөхдөө суралцах сургууль, хөтөлбөр болон хэлийг сонгосон байх шаардлагатай бөгөөд үүнтэй холбогдох мэдээллийг мөн дээрх цахим хуудасд өгөгдсөн холбоосоор үзэж танилцана уу. Өргөдөл гаргагч нь сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөх тул энэ мэдээлэлтэй урьдчилан сайтар танилцахыг зөвлөж байна. Түүнчлэн бакалавр, магистрт суралцахаар өргөдөл гаргагч зөвхөн доор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтойг анхаарна уу.
Суралцуулах мэргэжлийн чиглэл
Унгар Улсын Засгийн газрын (VI. 9.) 2015 оны 139 дүгээр тогтоолын 2 болон 3 дугаар хавсралтын дагуу оролцогч талуудын харилцан тохиролцсоноор дараах мэргэжлийн чиглэлүүдээр суралцуулна:
-
Бакалавр: Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбараас Унгар хэл, Сурган хүмүүжүүлэх зүй, Сэтгэл судлал, Нийгмийн ухааны салбараас Харилцаа холбоо ба медиа шинжлэх ухаан, Компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн технологийн салбараас Компьютерийн шинжлэх ухааны инженерчлэл, Компьютерийн шинжлэх ухаан, Инженерийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Сургуулийн өмнөх боловсрол, Спортын шинжлэх ухаан, Байгалийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлагийн салбараас Хөгжмийн бүтээлч урлаг ба хөгжим судлал, Урлагийн боловсрол зэрэг чиглэлээр;
-
Магистр: Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбараас Кино судлал, Сэтгэл судлал, Археологи, Боловсролын шинжлэх ухаан, Нийгмийн ухааны салбараас Эрүүл мэндийн бодлого, төлөвлөлт, санхүүжилт, Үндэстэн ястан, Цөөнхийн бодлого, Харилцаа холбоо ба медиа шинжлэх ухаан, Соёлын антропологи, Компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн технологийн салбараас Компьютерийн шинжлэх ухааны инженерчлэл, Анагаах ухааны биотехнологи, Компьютерийн шинжлэх ухаан, Инженерийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Спортын шинжлэх ухаан, Байгалийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлагийн салбарын бүх чиглэлээр;
-
Бакалавр, магистрын хосолсон (One Time Master) хөтөлбөрт: Мал эмнэл зүй, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Спортын шинжлэх ухаан, Урлагийн салбарын бүх чиглэлээр
-
Доктор: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй
-
Ахисан түвшний дараах мэргэшлийн сургалт: Strategic Engineering and Sustainability Leadership, Lean Engineer, Lean Manager, Highest Specialized Solo Piano Performance, Transportation Engineering in Aviation, Humanitarian Response Manager, Kodály System, Urban Social Development, EHS manager
Суралцуулах мэргэжлийн чиглэлд багтаагүй мэргэжлээр суралцуулахгүй болохыг анхаарна уу.
Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах:
Өргөдөл гаргагч нь 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Унгар Улсын Темпус олон нийтийн сангийн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ. Боловсрол, шинжлэх ухааны яам нь цаасаар болон цахим хэлбэрээр анкет, баримт бичгийг хүлээн авахгүй болно. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний анкет, баримт бичгийг хянан шалгасны дараа Боловсрол, шинжлэх ухааны яаманд ирүүлнэ.
I шатны шалгаруулалт: Боловсрол, шинжлэх ухааны яам 2022 оны III сард Унгарын талаас ирүүлсэн Монгол Улсын иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна.
II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч өөрийн сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг 2022 оны III-V сард өгнө. Сургууль бүрийн шалгалт авах хугацаа, хэлбэр өөр тул тухайн сургууль нь шалгалтын тухай мэдээллийг нэр дэвшигчдэд өөрт нь хувийн цахим шуудангаар нь ирүүлнэ. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам энэхүү шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй тул нэр дэвшигч өөрийн цахим шууданг тогтмол шалган, хариу бичих, харилцаа холбоо хийх үүргийг хүлээнэ. Сургуулийн тогтоосон хугацаанд шалгалт өгөөгүй тохиолдолд тэтгэлэгт хамрагдах болон дахин шалгалтад оролцох боломжгүйг анхаарна уу. Шалгаруулалтын хариуг 2022 оны VII сарын 1-нээс эхлэн Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон Темпус олон нийтийн сан нь нэр дэвшсэн иргэнд өөрт нь шууд ирүүлнэ.
Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг Темпус олон нийтийн санд 2022 оны VIII сарын 1-ний дотор хариу мэдээлэх үүрэгтэй. Тэтгэлгээр суралцах эрх авсан иргэн визэд орно.