САЙН ДУРЫН ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН  “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ”
admin
ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц”-ээ “СУРАЛЦАХУЙ: IQ&EQ” сэдвээр эхлүүлж байна.      
Төгсөгчдийн цуврал лекцээ ШУТИС-ийн хятад хэлний хамтарсан 2+2 хөтөлбөр, техник технологийн орчуулагчийн анги, хятад хэл сонгон суралцаж буй оюутан залуусын  өөрийгөө таньж хөгжүүлж, бусдыг ойлгон дэмжиж, бусадтай хамтран хөгжиж, үр бүтээлтэй суралцахуйд суралцахад нь туслах зорилгоор зочин илтгэгчээр MCS international төслийн цахилгааны ахлах мэргэжилтэн П.Төгсмандал, Хойд Хятадын ЭХИС-ийн СЭХ мэргэжлийн 2+2 хөтөлбөрийн төгсөгч  Бит Кэйос ХХК Гүйцэтгэх захирал Ч.Сансар болон тус мэргэжлийн анхны төгсөгч “Green Solar Energy”ХХК-ийн сэргээгдэх эрчим хүчний инженер Г.Мөнхнасан нарыг урьж 2022.10.22-ны өдөр танхимаар зохион байгууллаа.
    
 
   
Клубийн зөвлөх багш маань тус лекцээр ярилцах сэдэв, зочдоо танилцуулж эхлүүлэв. Зочин илтгэгч П.Төгсмандал оюутан залуус бидний давуу талыг ойлгуулж, суралцах нь аз жаргалын төлөө хийж буй одоо цагийн хөрөнгө оруулалт бөгөөд суралцах явцдаа сэтгэл санаагаа тогтвортой байлгах нь хамгийн чухал гэдгийг онцолж зөвлөсөн бол зочин илтгэгч Г.Мөнхнасан нь хүн нэг хүрээлэлд байхдаа өөрийгөө суралцаж хөгжиж байна гэж боддог харин өөр орчинд, өөр газарт шинээр сурахад юунд ч бэлэн болоогүй байдаг гээд өөрт тохиолдсон явдлаасаа өөрийн туршлагаасаа хуваалцлаа. Суралцах гэдэг нь зөвхөн мэдлэг олж IQ-гаа хөгжүүлэх бус EQ буюу бусдыг ойлгох, бусадтай харилцах чадвараа нэмэгдүүлэх нь ч бас суралцахуйн зайлшгүй нэг хэсэг гээд эдгээр чадваруудаа тэнцвэртэй байлгаж ганцаараа бус хамтаараа хөгжих нь илүү үр дүнтэй талаар ярилцлаа.
Харин зочин илтгэгч Ч.Сансар нь бидний хувь хүн, өөрийн үзэл бодлоос эхлэн лекцээ хүргэлээ. Суралцаж хөгжихөөс өмнө БИ гэж хэн бэ? Би юунд дуртай болон дургүй, ямар мөрөөдөлтэй, юунаас энерги эрч хүч авдаг вэ? өөрийгөө таних үйл явц нь суралцаж хөгжихөөс өмнө мэдсэн байх хамгийн эхний зүйл юм шүү! Их сургуульд бид мэдлэгээс гадна өөрийгөө олж авах ёстой. Ирээдүйд юу хийх вэ? биш Ирээдүйн төлөө одоо юу хийх вэ? гэж өөрсдөөсөө асууж байх хэрэгтэй юм шүү! хэмээн өөрт тохиолдсон болон хувь хүний туршлагаасаа оюутан залуус бидэнд маш олон хэрэгтэй мэдээллийг хүргэсэн үр өгөөжтэй лекц болж өндөрлөлөө.
Бидэнд өөрсдийн мэдлэг туршлагаасаа цаг заваа зориулан харамгүй хуваалцсан зочин илтгэгч ах эгч нартаа,  клубийн зөвлөх багшдаа мөн хүрэлцэн ирсэн оюутнууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэхүү лекцэнд Гадаад хэлний сургууль, Техник технологийн орчуулга, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Геологи уул уурхайн сургууль болоод Эрчим хүчний 2+2 хөтөлбөрийн ангийн 1,2 курсийн нийт 40 гаруй оюутан оролцлоо.
Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг профессор багш, оюутан залуус, төгсөгчид, үе үеийн ахлагч гишүүд нартаа баярлалаа.
“Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа яв.”
Эзэн хичээвэл заяа хичээнэ
“ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ” 2022-10-22