ШУТИС-ийн Сайн дурын хятад хэлний клубээс 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд 2+2 хөтөлбөр, техник технологийн орчуулагчийн ангийнхан болон хятад хэл суралцаж буй оюутан залууст зориулан “TUTOR&HSK+K” сэдвээр үргэлжлүүлэн зохион явууллаа.
Сургуулийн зорилго, чиглэлийг дэмжин, цахим сүлжээний асар өргөн боломжийг тэр дундаа хэл сурахад ашиглан оюутан өөрөө хөгжих, ур чадвараа нэмэгдүүлэн, бие дааж суралцахад болон хятад хэлний түвшин тогтоох шалгалт HSK+K-г амжилттай бэлтгэхэд нь туслах зорилгоор зочин илтгэгчээр Шанхайн ТИС-ийн ЭТТА 2+2 хөтөлбөрийн төгсөгч, “БИОМЕД” Трейдийн орчуулгын, угсралтын инженер, менежер Г.Анхмандал, ГХС-ийн хятад хэлний багш С.Анужин нарыг урьж 2022.10.29-ны өдөр танхимаар зохион байгууллаа.
Клубийн зөвлөх Ц.Эрдэнэзаяа багш маань хэл сурах зорилго, сууриа хэрхэн зөв тавих, өөрт тохирох арга барилаа олох талаар зөвлөөд үйл ажиллагаагаа танилцуулан, тус лекцээр ярилцах сэдэв, зочдыг танилцуулж эхлүүлэв.
Зочин илтгэгч Г.Анхмандал лекцийг эхлүүлж өөрийн туршлага дээрээ үндэслэн “Мэргэжлийнхээ хамт хятад хэл сурсан нь өөрийн хийсэн хамгийн зөв сонголт байсан. Түрхэн зуурын бэрхшээлийг том зүйл гэж харалгүйгээр шамдан, няцаж хаялгүйгээр даван туулаарай. HSK шалгалтыг оноо авахын төлөө бус өөрт мэдлэг болгохын төлөө сураарай” хэмээн оюутан бид нарт зөвлөв. Мөн шалгалт өгөхдөө бэлтгэх зүйлс, хэрхэн цагтаа амжих, бие болоод сэтгэлээ хэрхэн бэлдэх талаар өөрийн туршлагаасаа хуваалцав.
Дараагийн зочин илтгэгч С.Анужин багш бид бүхэнд HSK болон HSKK шалгалтын ялгаа, шалгалт өгөхдөө ихэнх гаргадаг алдаанууд, түүнийгээ хэрхэн засч мөн шалгалтандаа хэрхэн бэлдвэл үр дүнтэй байх талаар өөрийн туршлагаасаа хуваалцан хэрэгтэй цаг үеэ олсон мэдээллүүдийг хүргэлээ.
Бидэнд өөрсдийн мэдлэг туршлагаасаа цаг заваа зориулан харамгүй хуваалцсан зочин илтгэгч ах эгч нартаа мөн хүрэлцэн ирсэн оюутнууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэхүү лекцэнд Гадаад хэлний сургууль, Техник технологийн орчуулга, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Геологи уул уурхайн сургууль болоод Эрчим хүчний 2+2 хөтөлбөрийн ангийн 1,2 курсийн нийт 30 гаруй оюутнаас гадна live-аар оюутнууд оролцлоо. Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг профессор багш, оюутан залуус, төгсөгчид, үе үеийн ахлагч гишүүд нартаа баярлалаа.
Сайныг нь шилэн сурнам, саарыг нь сонжин заснам.
Хэрэг үйлийг нь шинжигтүн
Хэв аргыг нь шинжигтүн
Хүсэл санааг нь шинжигтүн
Чингэвээс хүмүүн нуугдаж чадна гэж үү
“ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ” 2022-10-29