Түүхэн замнал

Гадаад хэлний сургуулийн товч түүх

            ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль нь 1992 онд Гадаад хэлний төв нэртэй анх байгуулагдсан. 1997 онд Гадаад хэлний сургууль, 2008 онд Хэлний боловсролын сургууль, 2014 онд Гадаад хэлний институт, 2019 оноос Гадаад хэлний сургууль болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

2000 онд Инженер-багш /англи-орос хэл/ мэргэжлээр анхны 25 оюутан, Инженер-багш /япон-англи хэл/ мэргэжлээр анхны 6 оюутан төгсчээ. 2001 онд Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лицей анги анхны төгсөлтөө хийсэн.

2002 онд ШУТИС профессорын системд шилжиж, Гадаад хэлний сургуульд Орос судлал, Англи хэл судлал, Япон судлал, Харьцуулсан хэл шинжлэлийн профессорын багууд байгуулагдав.

2004 онд “Гадаад хэлний сургалтын чанар, үр нөлөөг сайжруулах хөтөлбөр”-ийг ШУТИС-ийн Ректорын тушаалаар батлав. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-тай хамтран ажиллах гэрээ байгуулж Солонгос судлалын профессорын баг байгуулагдсан.

2007 оноос ГХС-ийн дэргэд Орчуулгын төв байгуулсан бөгөөд мөн тус оноос “Инженерийн бэлтгэл” мэргэжлээр, 2008 оноос “Техникийн мэргэжлийн орчуулга” /англи, солонгос, япон хэл/ мэргэжлээр, 2009 оноос “Техникийн мэргэжлийн орчуулга” /хятад хэл/ мэргэжлээр, 2016 оноос “Гадаад хэлний орчуулга” хөтөлбөр,  “Техник, технологийн орчуулагч” /англи, орос, япон, солонгос, хятад хэл/ мэргэжлээр бакалаврын элсэлт авч эхэлсэн.

2000 оноос “Хэл шинжлэл” мэргэжлээр магистр, 2014 оноос “Техникийн мэргэжлийн орчуулга” мэргэжлээр магистрын сургалтыг  явуулж байна.

1999 оноос “Гадаад хэл шинжлэл” мэргэжлээр  докторын сургалт явуулж эхэлсэн бөгөөд нийт 50 гаруй хүн төгсгөсөний 30 нь эрдмийн зэргээ амжилттай хамгаалаад байна.

Тус сургууль нь сургалтын үйл ажиллагааг хоёр үндсэн чиглэлээр явуулдаг. Үүнд:

А. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын эх хэл болон гадаад хэлний сургалтыг агуулга, аргазүйн удирдлагаар хангах, гадаад хэлний сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, нийт оюутнуудын заавал судлах англи, орос, хэлний хичээлийг заахаас гадна хятад, япон, солонгос зэрэг сонгон судлах гадаад хэл заах, гадаад хэлний сургалтын үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх

Б. Мэргэжилтэн бэлтгэх, тухайлбал, “Техник, технологийн орчуулагч /англи, орос, япон, солонгос, хятад хэл/” мэргэжлээр бакалавр, “Гадаад хэл шинжлэл”, “Техникийн мэргэжлийн орчуулга” мэргэжлээр магистр, “Хэл шинжлэл” мэргэжлээр докторын сургалт явуулах, хэрэглээний хэл шинжлэлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах зэрэг болно.

Өнөөгийн байдлаар Гадаад хэлний сургууль нь:

Хэрэглээний хэл шинжлэлийн салбар

Ази судлалын салбар

Англи хэл судлалын тэнхим

гэсэн 3 үндсэн салбар тэнхим, ГХС-ийн дэргэдэх Англи хэлний академи, Русский центр гэсэн хоёр төвтэй, 99 багш, ажилтантай сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг.

Манай сургуульд академич 1, шинжлэх ухааны доктор (Sc.D) 2, доктор (Ph.D) 27, профессор 2, дэд профессор 8 ажилладаг бөгөөд багшлах боловсон хүчний 34% нь докторын зэрэгтэй.

            Тус сургууль нь техникийн мэргэжлийн орчуулагч, компьютер-гадаад хэл мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойших 30 жилийн хугацаанд нийтдээ бакалавр зэрэгтэй 1483 мэргэжилтэн, магистр зэрэгтэй 245 мэргэжилтэн бэлтгэн төгсгөжээ.