Эрдэм шинжилгээ
 
            Гадаад хэлний сургууль үүсэн байгуулагдсан анхны жилүүдэд эрдэм судлалын ажлаа эрдмийн зэрэг, цолтой багш нарыг бэлтгэх, судалгаа шинжилгээний ажлын үндсэн чиглэлийг тодорхойлох, ШУТИС болон, монголын шинжлэх ухааны байгууллагуудын хэмжээнд өөрийн байр суурийг эзлэхэд чиглүүлж ирсэн билээ. Энэ ажлыг Орос хэлний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан доктор (Sc.D), профессор Ц.Цэдэндамба багш удирдан зохион байгуулж, шинжлэх ухаан, техник, технологийн чиглэлийн их сургуулийн эх хэл, гадаад хэл судлалын өөрийн гэсэн өнгө төрхтэй эрдэм судлалын дэгийг бий болгож чадсан юм. Тухайн үед гадаад хэл, ялангуяа орос хэл заах арга зүйн онол, хэрэглээний арвин баян туршлага хуримтлуулж чадсан учраас эхний үед төрөл бүрийн сурах бичиг, толь бичиг, гарын авлага зохиож хэвлүүлэх, шинжлэх ухаан техникийн сүүлийн үеийн ололт амжилтыг сургалтад ашиглах судалгааны ажил тэргүүлэх чиглэлтэй байв.
            1999 оноос  дипломын дараах боловсрол олгох, хэл шинжлэлийн магистр, доктор зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх магистр, докторын  сургалт явуулж эхэлсэн нь тус сургууль сургалтын байгууллагаас эрдэм шинжилгээний чиглэл, судалгаатай сургууль болоход тодорхой үүрэг гүйцэтгэсэн байна.
            Судалгаа, шинжилгээний ажлыг 2008-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулж, профессор, багш нар, магистрант, докторант оюутны эрдэм шинжилгээний ажлыг хэл шинжлэлийн орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, хэрэглээний буюу хавсарга хэл шинжлэлийн хүрээнд “Техник, технологийн нэр томьёо судлал”-д тусгайлан чиглүүлж, нэр томьёоны болон эх хэлний үгийн сангийн өгөгдлийн электрон сан бүрдүүлэхэд голлон анхаарч ажилласан бөгөөд өдгөө бид Техник, технологийн нэр томьёо судлал, Техник, технологийн орчуулга судлал, Харьцуулсан хэл шинжлэл, Гадаад хэл заах арга зүй гэсэн үндсэн чиглэлээр судалгаа явуулж байна.
 “ШУТИС-2030 стратеги төлөвлөгөө”-ний хүрээнд  2025 онд докторын зэрэгтэй багшийн эзлэх хувийг 45%-д хүргэх, ОУ-ын ЭШ-ний мэдээллийн санд бүртгэлтэй бүтээлийн тоог нэмэгдүүлэх, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлж, захиалгат сургалт, төсөл хэрэгжүүлэх, ISSN дугаар бүхий “Хавсарга хэл шинжлэл” сэтгүүлд хэвлэгдэж буй ЭШӨ-ийн чанарыг сайжруулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэдийг татах, тогтвортой ажиллуулахад анхаарч ажиллаж байна.