Гадаад хэлний сургууль БНСУ-ын Хангүг ГСС-ийн Евроази-Монгол судлалын төвтэй хамтран ЭШХ зохион байгуулав
admin

БНСУ-ын Хангүг Гадаад судлалын сургуулийн Монгол хэлний тэнхим, Евроази-Монгол судлалын төв, МУ-ын ШУА-ийн ХЗХ, ШУТИС хамтран “Монгол судлалын эрдэм шинжилгээний ажлын үр дүн, шинэ үеийн судлаачдын судалгааны чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр БНСУ-ын Сөүл хотноо зохион байгууллаа

ЭШХ-д МУ-аас БНСУ-д суугаа элчин сайдын түр хамаарагч Ж.Оюунбаатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд асан Д.Тэрбишдагва, Монгол Улсын ШУА-ийн ХЗХ-гийн захирал Ж.Бат-Ирээдүй нар оролцож, баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлэв

     

Тус хурал соёл, аялал жуулчлал, хэл шинжлэл-монгол хэл бичиг, улс төр, эдийн засаг гэсэн 4 салбараар хуралдаж, хуралдаанд Монгол, БНСУ, Япон улсын 20 гаруй эрдэмтэн судлаач оролцон, 25 илтгэл хэлэлцүүлсний дотор ШУТИС-ийн ГХС-ийн ЭНБД Н.Мэнд, АСС-ын ахлах багш Б.Сонинцэцэг, Г.Уранчимэг, Н.Мөнхжаргал, Д.Дуламсүрэн нар илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ

   

Уг эрдэм шинжилгээний хурал Хангүг Гадаад судлалын сургуулийн Монгол хэлний тэнхим байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд хурлын дараа эрдэмтэн төлөөлөгчид тус тэнхимийн “Эрдмийн баяр”-т уригдан, оюутнуудын монгол урлаг, монгол дуу, бүжиг, хувцас дизайныг сурталчилсан соёлын арга хэмжээ, тоглолтыг үзэж сонирхсон нь хамгийн хүндэтгэлтэй сайхан үзүүлбэр байлаа.

ГХС нь Хангүг ГСС-тай Гадаад хүнд монгол хэл заах аргын семинарыг хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн гол сэдэв “Монгол бичиг заах арга зүй” байв.

Хоёр сургуулийн эрдмийн хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрэн хөгжиж, номын ариун мөр дэлгэрэх болтугай!