Хятад хэлний клубийн “Төгсөгчдийн цуврал лекц” амжилттай эхэллээ
ganbii

Хятад хэлний клубийн “Төгсөгчдийн цуврал лекц” амжилттай эхэллээ   

ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн сайн дурын хятад хэлний клуб 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц”-ээ Нээлттэй боловсрол:“Хандлага ур чадвар” сэдвээр эхлүүллээ.

Сургуулийн чиглэл зорилгыг дэмжин 2+2 хөтөлбөрийн хятад хэл суралцаж буй оюутнууд болон техник технологийн орчуулагчийн хятад хэлний ангийн оюутнуудад нээлттэй боловсролын үед их сургуулийн оюутан хандлагаа өөрчлөн, ур чадвараа хөгжүүлж, бие дааж суралцахад нь туслах зорилгоор Гадаад хэлний сургуулийн төгсөгч магистр Б.Хишигдаваа, Сэргээгдэх эрчим хүч 2+2 хөтөлбөрийн анхны төгсөгч Г.Мөнхнасан, тус  хөтөлбөрийн IV дамжааны оюутан Ч.Сансар  нарыг урьж энэхүү лекцээ зохион явууллаа.

 

Клубийн маань зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа энэ улирлын хичээлийн зорилго, төлөвлөгөө болон тус лекцээр ярилцах сэдвийн хүрээнд мэдээллээ танилцуулж эхлүүлэв.

Уригдсан төгсөгч нар:

- Нээлттэй боловсрол гэж юу болох, түүний давуу тал боломж

- Хандлага, ур чадвараа хэрхэн өөрчилж, хөгжүүлэх, юунаас эхлэх

-Хувь хүний хөгжил талаас хэрхэн эерэг хандлагатай оюутан байж, зөв харилцаж сурах

-Үр бүтээлтэй, зорилготой бие дааж суралцах

-Суралцахад цагаа зөв зохицуулж, өөрийгөө ялж сурах гэх мэт олон чиглэлээр илтгэл лекцээ танилцуулан, оюутанд санаа сэдэл өгсөн тэднийг бүтээлчээр суралцах урам сэдэл, ухаарлыг төрүүлсэн үр өгөөжтэй лекц болж өндөрлөсөнд клубийн хамт олны зүгээс чин сэтгэлээсээ талархалтай байна.

Энэхүү лекцэд Гадаад хэлний сургуулийн техник технологийн орчуулагчийн хятад хэлний 3,4-р ангийн оюутнууд, Эрчим хүчний сургуулийн цахилгаан хангамж, дулаан хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн 2+2 хөтөлбөрийн 1,2,3,4-р ангийн оюутнууд болон клубийн бусад идэвхтэн гишүүд нийт 60 гаруй оюутнууд идэвхтэй оролцлоо.

Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг оюутны соёл үйлчилгээний алба, профессор багш нар, оюутан залуус, клубын гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

 “Хятад хэлний клуб” 2020-10-10