ШУТИС-ийн хятад хэлний клубийн “Өнөөдөр: эх хэл бичиг” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
ganbii

ШУТИС-ийн хятад хэлний клубийн “Өнөөдөр: эх хэл бичиг” сэдэвт хэлэлцүүлэг  боллоо

“Хятад хэлний клуб” 2020-2021 оны намрын улирлын арга хэмжээний хүрээнд “Өнөөдөр: эх хэл бичиг” сэдэвт хэлэлцүүлгийг ШУТИС-ийн оюутан залуусын эх хэлний боловсрол, ирээдүйн ажлын байрны шаардлага, хэрэгцээг дэмжих зорилгоор зочин илтгэгчээр Монцамэ агентлагийн ХҮМҮҮН БИЧИГ сонины эрхлэгч, монгол хэл бичиг судлаач-багш Б.Элбэгзаяаг урин өрнүүллээ.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ын зорилго нь Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахад оршино.

  

Клубийн зөвлөх Ц.Эрдэнэзаяа багш маань тус хэлэлцүүлгээр ярилцах сэдвийг танилцуулж эхлүүлэв. Уригдсан зочин илтгэгч “Монголчуудын уламжлалт хэл бичиг түүх дурсгал, бидний сонгодог соёл-МОНГОЛ БИЧИГ түүнийг үзэж судлахын учир”, “2020 он монгол бичиг соёлд маань түүхэн эргэлт, сэргэлтийн эгзэгтэй үе ирсэн талаар”, “Бичиг соёл маань өнөөдөр, ойрх цагийн, ирж яваа цагийн чухам эзэн минь хэн юм бэ гэж та биднээс нухацтай асууж байгаа талаар” хэлэлцэн “Хүмүүн бичиг” анхны дугаар, өөрийн уран бүтээлийн цоморлигоо дурсгал болгон сониныхоо бодлого, агуулгыг танилцууллаа.

Хэлэлцүүлэгт оролцсон хийгээд цахим шууд бичлэг /live/-аар хамрагдсан оюутнууд зочин илтгэгчээс монгол хэлний ижил дуудагддаг үг хэллэг монгол бичигт хэрхэн бичигдэх, журамласан толь бичгийн хэрэглээ, зөв бичих дүрэм, алтай язгуурын монгол хэл бичигт үгийн язгуур үндэс, дагавар нөхцлийн утга чухал болох, улс үндэстний хэлний давтагдашгүй онцлог, үгсийн сангийн дархлаа болох хэлц үг хэллэгийн талаар олон олон асуултаас хариултаа олсон өөр хоорондоо мэдээлэл мэдлэг солилцсон үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.  

Гадаад хэлний сургуулийн техник технологийн орчуулагчийн хятад хэлний 3, 4-р анги, эрчим хүчний сургуулийн сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хангамж, дулаан хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн 2+2 хөтөлбөрийн 1-4-р ангийн оюутнууд болон клубийн бусад идэвхтэн 30 гаруй гишүүн, цахим шууд бичлэг /live/-аар 108 нийт 140 орчим оюутнууд идэвхтэй оролцлоо.

Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэмжин ажилладаг оюутны соёл, үйлчилгээний алба, профессор багш, оюутан залуус, клубийн нийт гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

Эх хэлнийхээ манаанд иргэн бүр зогсоцгооё!

ГХС-Хятад хэлний клуб 2020-10-24