“Хэрэглээний хэл шинжлэл -2021” оюутны Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
ganbii

“Хэрэглээний хэл шинжлэл -2021” оюутны Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Гадаад хэлний сургууль уламжлал болгон зохион байгуулдаг бакалавр, магистрант оюутны “Хэрэглээний хэл шинжлэл -2021” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2021.3.31-ний өдөр цахимаар амжилттай зохион байгуулав.

Оюутныг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцуулж чиглүүлэх, дадлагажуулах; тэдний эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулах, дэмжих; бүтээлч сэтгэлгээ, багш оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх; онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах зорилготой уг эрдэм шинжилгээний хуралд оюутнууд   

  • Зэрэгцүүлсэн хэл шинжлэл
  • Орчуулгын онол, аргазүйн асуудлууд
  • Нэр томьёо судлал

гэсэн 3 ерөнхий чиглэлээр судалгаа хийж, судалгааны үр дүнгээ хэлэлцүүллээ.  

Хурлыг ГХС-ийн захирал доктор, дэд профессор Ц.Энхбаатар нээж хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд, мэргэжлээ гүнзгийрүүлэн, судалгааны ажил хийж буй оюутнууддаа эрдэм, судлалын ажилдаа улам илүү шамдаж, сайн боловсон хүчин болохыг хүсэн ерөөлөө.

 

Хурлын явцаас

Тус эрдэм шинжилгээний хуралд ГХС-ийн Техник технологийн мэргэжлээр сурч буй бакалавр, магистрант оюутны 23 илтгэл ирснээс магистрант оюутны 5 илтгэл, бакалавр оюутны 11 илтгэлийг хэлэлцүүлэв. Шүүгчид илтгэлийг шинжлэх ухааны үндэслэл, асуудал дэвшүүлж тодорхой үр дүнд хүрсэн байдал, нийгэм болон мэргэжлийн хүрээн дэх ач холбогдол, судалгааны арга, аргачлал, илтгэх ур чадвар гэсэн 5 үзүүлэлтээр шалгаруулалт явууллаа.

Бакалавар оюутны ангилалд  ГХС англи хэл Ⅲ курсийн оюутан  T.Хүслэн “Soft skill” хэмээх үгийг монгол хэлнээ орчуулах нь” /удирдагч багш доктор Ц.Мөнхдэлгэр/ илтгэлээр 1-р байр, ГХС англи хэл Ⅲ  курсийн оюутан  М.Самбууням “Англи, монгол хэлний товчилсон үгийн тухайд” /удирдагч багш доктор, дэд профессор Ц.Цэцэгмаа/ илтгэлээр 2-р байр,  ГХС англи хэл Ⅱ  курсийн оюутан О.Наранцэцэг “Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн нэгэн үндсэн сурах бичгийн орчуулагдаагүй нэр томьёонд хийсэн ажиглалт” /удирдагч багш доктор Ц.Мөнхдэлгэр/ илтгэлээр 3-р байр тус тус эзэллээ. Магистрант оюутны ангилалд С.Долгорсүрэн” Нэр томьёо тогтоох зарчмын талаар (Автозам, гүүрийн салбарын жишээгээр)” /удирдагч багш доктор Л.Чойжилмаа/ илтгэлээр 1-р байр, Д.Ариун “Герман, монгол хэлний баймж үйл үгийн утгын харьцуулсан судалгаа” /удирдагч багш доктор Ц.Мөнхдэлгэр/ илтгэлээр 2-р байр тус тус эзэллээ.

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн болон хуралд идэвхтэй оролцсон нийт оюутан, багш нартаа  сурлагын болон эрдэм судлалын ажилд арвин их амжилт хүсэн ерөөе.

ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ