ГХС-ийн профессор багш, докторант оюутнуудын “Хэлний хэрэглээний асуудал 2021” сэдэвт ЭШХ 2021.4.14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
ГХС-ийн захирал доктор, дэд профессор Ц.Энхбаатар хурлын үйл ажиллагааг нээж “Өнөөдрийн хурлын үр дүнд хэлэлцүүлэгдсэн судалгааны ажлуудаа “Хавсарга хэл шинжлэл” сэтгүүлд хэвлүүлж өөрсдийн судалгааны ажлыг эргэлтэнд оруулах”-ыг уриалсан бол ГХС-ийн зөвлөх профессор, академич Л.Болд “Нэг жил хийсэн ЭША-ынхаа үр дүнг танилцуулахаас гадна, хэлэлцүүлсэн санаагаа бүрэн төгс болгоод хэвлэн нийтлэх тал дээр анхаарал хандуулах шаардлагатай. Бэхээр бичсэн юмыг сүхээр цавчаад арилахгүй. Мөн их, дээд сургуулийн багш гэдэг хүний үндсэн үүрэг бол хичээл заахаас гадна эрдэм шинжилгээний ажил хийх. Бид А цагаа амжилттай гүйцэтгэдэг шиг Б цаг дээр гоц анхаарах хэрэгтэй. Хүн хоёр хөлөөрөө явах ёстой байтал нэг хөл дээрээ дэвхцээд байгаатай адил юм.” хэмээн санууллаа.
Тус хурлын онцлог гэвэл ижил чиглэлийн судалгаа хийдэг МУИС, АНУ-ын Индиана Их сургууль, ДХИС, СЭЗИС, Орхон их сургуулийн судлаач, багш нар өөрсдийн судалгааны үр дүнг хэлэлцүүлж, судлаач багш нар харилцан туршлага солилцсон юм. Аливаа ЭШХ-д эрдэмтэн судлаачдын санал их чухал байдаг. Энэ хурлын өөр нэг онцлог бол ШУА-ийн ХЗХ-ийн эрдэмтэд оролцож үнэтэй санал, зөвлөгөө өглөө.
ГХС-ийн профессор багш, докторант оюутны ЭШХ-д хэлэлцүүлэгдсэн илтгэлийг шинжлэх ухааны үндэслэл, асуудал дэвшүүлж тодорхой үр дүнд хүрсэн байдал, нийгэм болон мэргэжлийн хүрээн дэх ач холбогдол, судалгааны арга, аргачлал, шинэлэг санаа дэвшүүлсэн байдал гэсэн 5 үзүүлэлтээр дүгнэж ШУТИС-ийн профессор багш нарын “Эрдмийн чуулган 2021”-д магистр багш Я.Оюунцэцэг, О.Золзаяа нарын “Англи хэлний өөр өөр түвшиний оюутнуудын сонсох, ярих чадварыг хөгжүүлэх нь” (“Communicate 2” сурах бичигт суурилсан судалгаа)”, доктор Д.Баярмаагийн “Тусгай зориулалтын англи хэл хичээлд тонгоруу аргыг хэрэглэх нь” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлэхээр, ШУТИС-ийн магистр, доктор оюутны “Эрдмийн чуулган 2021”-д докторант багш Б.Сонинцэцэгийн “Монгол бичгийн хэрэглээний орчинг бий болгох нь суралцагч бичиг үсэгтээ идэвхийлэн суралцахад нь нөлөөлмүй”, докторант багш Б.Энхзулын “Шинжлэх ухааны зарим салбарын дискурс дахь метафорын судалгаа” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлэхээр шийдэв.
Хурлын үйл ажиллагааг хааж ГХС-ийн зөвлөх профессор, доктор, профессор Г.Томтогтох “Өгүүллээ шинжлэх ухааны хэлээр, баталгаа нотолгоотой, эшлэл зүүлттэй маш чамбай бичиж чадвал, тухайн сэдвээр судалгаа хийж буй дараа дараачийн судлаачид эшлэл зүүлт авахаар сайхан судалгаанууд хийгдэж байна гэж харагдаж байна” гэж дүгнээд “Эхлэн судалгаа явуулж буй багш нарт хэлэхэд онолгүйгээр харсан үзсэн юмаа ярих нэг хэрэг, онолын үндэслэлтэй ярих бол жинхэнэ шинжлэх ухааны судалгаа болно. Орчин үеийн хэл шинжлэлийн шинжлэх ухаан олон шинжлэх ухааны огтлолцол дээр судалгаа хийдэг болсон. Тиймийн учир унших судлах зүйлийнхээ хүрээг илүү өргөжүүлж танихуй талаас нь, философи сэтгэлгээ талаас нь зэргээр олон салбарын мэдлэгтэй болох шаардлагатай” гэсэн сургамж хэллээ.
ЭШХ-д илтгэл хэлэлцүүлсэн, шүүмж бичсэн, асуулт, санал, зөвлөгөө өгсөн болон сонсогчоор оролцсон бүх багш, судлаачиддаа эрдэм, судалгааны ажилд амжилт хүсье. ЭШХ-ыг зохион байгуулсан ЭНБД, болон хамтарч ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье.
ГХС-ийн Эрдмийн зөвлөл
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School