“Солонгост хэрхэн суралцах вэ?” цуврал уулзалт
Улс орон даяар цар тахалтай тэмцэж буй үед АСТ-ийн солонгос хэлний багаас оюутны сурах үйл ажиллагааг дэмжих, улам эрчимжүүлэх зорилгоор олон сайхан ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь “Солонгост хэрхэн суралцах вэ” цуврал онлайн уулзалт юм. Үүнд:
- 2021 оны 1 сарын 28-нд МХТС, МеТС-ийн БНСУ-ын Сүн Чён Хяны их сургуультай хамтран хэрэгжүүлж буй 2+2 хөтөлбөрийн оюутнууд 36 цагийн солонгос хэлний хичээл судалж, солонгос хэлний түвшин тогтоох шалгалт /TOPIC/-ын 3-р түвшинд тэнцсэн тохиолдолд БНСУ-д суралцах эрхтэй болдог. Тэнхимийн солонгос хэлний багш нар тус хөтөлбөрөөр суралцаж байгаа 2-р курсийн оюутнуудад солонгос хэлний шалгалтад хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өглөө. Энэ уулзалтад БНСУ-ын Сүн Чён Хяны их сургуульд сурч байгаа оюутан Б.Идэрболд /МеТС/, Б.Дуулга /МХТС/ нарыг урьж, солонгос хэл хэрхэн сурсан, шалгалтад бэлдсэн туршлага болон Сүн Чён Хяны их сургуулийн хэлний бэлтгэл, үндсэн ангийн сургалтын талаар дэлгэрэнгүй яриулсан нь оюутнуудын сонирхлыг их татлаа.
- 2021 оны 2 сарын 24-нд ГХС-ийн солонгос хэлний ангийн оюутнуудад БНСУ-ын ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн, Сөүлийн үндэсний их сургуульд магистр хамгаалж, одоо докторантурт сурч байгаа Д.Болорцэцэгийг урьж тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар уулзалт яриа зохион байгууллаа.
- Уулзалтын дараагийн зочин нь манай 2009 оны төгсөгч Ц.Очсүрэн байлаа. Тэрээр БНСУ-ын Сүншил их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгт орчуулагчаар ажиллаж байгаад, одоо Олон соёлт гэр бүлийн төвд хос хэлний багш, коучаар ажиллаж байгаа. Тэрээр Солонгосын их, дээд сургуульд суралцахад анхаарах зүйл, хэл соёлын онцлог, багш оюутны харилцаа болон сургуулиа төгсөөд ажилд орох талаар зөвлөгөө өгсөн нь оюутнуудад сонирхолтой байлаа.