“Ази судлал” (ICAS2021) олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
“Ази судлал” (ICAS2021) олон улсын эрдэм шинжилгээний VII хурлыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхим, ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхим, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийнн Дорно дахины хэл, аргазүйн тэнхим хамтран 2021 оны 4 дүгээр сарын 30-ны Баасан гарагт цахимаар зохион байгууллаа.
Тус хуралд Хэл шинжлэл-үсэг бичиг судлал, Түүх-археологи, Олон улс-орон судлал, Утга зохиол-соёл судлал, Философи, Боловсрол судлал-заах аргазүй гэсэн 6 салбар хуралдаанаар Монгол, Япон, БНХАУ, ОХУ, БНСУ болон Азербайжан зэрэг зургаан улсын эрдэмтэн, судлаачид нийт 50 гаруй илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ. “Хэл шинжлэл-үсэг бичиг судлал” салбар хуралдааныг ГХС-ийн зөвлөх профессор, академич Л.Болд /үдээс өмнө/, ахлах багш, доктор Т.Мөнхжаргал /үдээс хойш/ нар даргалан явууллаа.
Хурлын нээлтийн үйл ажиллагаанд МУИС, ШУС-ийн захирал Д.Заяабаатар, ШУА Олон Улсын Харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоо, ШУТИС ГХС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч С.Бархас нар үг хэлэв. Мөн Монгол дахь Ази судлалын хамрах хүрээг өргөжүүлэх, судлаач, эрдэмтэн багш нарын бүтээлийг илүү хүртээмжтэй болгох, чанарыг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэх зорилгоор Ази судлалын “Цахим индэр” (https://sas.num.edu.mn/asian-studies/)-ийг албан ёсоор нээсэн.
Тус хуралд ШУТИС ГХС-ийн зөвлөх профессор,академич Л.Болд “Монгол, Түрэг хэлний харьцааг бүтээвэрзүйн түвшинд авч үзсэн нэгэн жишээ” сэдэвтэй илтгэл, ГХС АСТ-ийн ахлах багш, доктор Р.Бигэрмаа “Ясүнари Кавабатагийн “Царцаа ба хүрэлзгэнэ” өгүүллэг дэх японы соёлын зарим онцлогоос” сэдэвтэй илтгэл, ахлах багш, доктор Т.Мөнхжаргал “Идээ ундаа, хувцас, орон байртай холбоотой бүрдүүлбэр бүхий монгол, солонгос өвөрмөц хэлцийг харьцуулах нь” сэдэвтэй илтгэл хэлэлцүүллээ.
“Ази судлал” (ICAS2021) Олон Улсын Эрдэм шинжилгээний хурал улам бүр цар хүрээгээ тэлж, олон орны судлаачид судалгааныхаа үр дүнг хуваалцдаг уламжлал тогтоод байна. Ирэх жил ШУТИС ГХС-ийн Ази судлалын тэнхим голлон зохион байгуулах юм.
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School