“ОРЧУУЛАХ ЭРДМЭЭС” ЦУВРАЛ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
admin
     2021-2022 оны хичээлийн жилд ГХС-ийн Ази судлалын салбарын солонгос хэлний багаас уламжлал болгон явуулах “Орчуулах эрдмээс” цуврал уулзалтаа Монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ-ны орчуулагч Б.Цацралыг урьж эхлүүллээ. Тэрбээр МУИС-ийн солонгос хэлний орчуулагч, орон судлаач мэргэжлээр төгссөн бөгөөд БНСУ-ын Сөүл хотын их сургуульд солилцооны оюутнаар суралцаж, Сөүлийн үндэсний их сургуульд магистрын зэрэг хамгаалсан мэргэжлийн орчуулагч юм.  
     Зочин маань ЭСЯ-нд 8 жил гаруй орчуулагчаар ажилласан туршлага дээрээ тулгуурлан мэргэжлийн болон синхрон орчуулга хийхэд юун дээр анхаарах, орчуулагч хүний хувьд баримтлах зарчим хийгээд мэргэжлийн ур чадвараа байнга хөгжүүлж байх талаар саналаа хуваалцлаа.
Хамгийн анх хийж байсан орчуулга, төрийн албаны болон салбар салбарын орчуулга хийж байсан туршлага, орчуулагчийн хайхрамжгүй байдал, эрдүү бардам байхаас улбаалан асуудал хэрхэн үүсч болох талаар тодорхой жишээ баримт дээр тайлбарласан нь мэргэжлийн орчуулагчийн ангийн оюутнуудад суралцагчаас “орчуулагч” болох бэлтгэл, хариуцлага, зорилгоо ухамсарласан бүтээлч байх зэрэг хувийн зохион байгуулалт, чадвар, сахилга бат ихээхэн шаарддаг зэрэг талаар уулзалтаа өрнүүллээ.
     Хувь хүнийхээ хувьд мэргэжлийн орчуулагч болохын тулд дараах зарчмыг баримтлан ажиллахыг зөвлөлөө. Үүнд:
  • Байнга суралцах хандлагатай бай
  • Тасралтгүй бэлтгэлтэй бай
  • Ямагт бэлэн бай
  • Орчуулагчийн ёс зүй зарчимтай байх
     Төгсгөлд нь сайн орчуулагч болоход бардам биш ямагт даруу байхыг хичээх, мэдэхгүйгээсээ ичихгүй байх, тухайн орны соёл уламжлал, ард түмний хэл сэтгэхүйг судлан орчуулахыг зөвлөн хэлэв. Энэхүү уулзалтад техник технологийн орчуулагчийн солонгос хэлний 4-р ангийн оюутнууд оролцсон ба уулзалтыг солонгос хэлний багш Б.Номиндалай санаачлан зохион байгууллаа.

ГХС-ийн Ази судлалын салбар